ЭРАСМУС+ ТӨСЛҮҮДИЙН НЭГДСЭН УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ, ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮН, ТУРШЛАГАА ТАНИЛЦУУЛЛАА

ЭРАСМУС+ ТӨСЛҮҮДИЙН НЭГДСЭН УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ, ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮН, ТУРШЛАГАА ТАНИЛЦУУЛЛАА
Европын Холбооны Эрасмус+ хөтөлбөрийн Дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх төслүүдийн нэгдсэн уулзалт 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Боловсролын яаманд зохион байгуулагдлаа.
Уулзалтад Европын Холбооны төлөөлөл, Европын боловсрол, соёлын гүйцэтгэх агентлагийн /EACEA/ төлөөлөгчид, их сургуулиудын удирдлага, төслийн багууд оролцож, Монгол Улсад хэрэгжиж буй төслүүдийн үр дүн, туршлага, тулгамдаж буй асуудал болон хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологий бизнесийн сургууль тус уулзалтад оролцож, DIGITAL MOVE, DOMANI, SA2CC төслийн хүрээнд сургалтын чанар, багш нарын чадавх, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа.
DIGITAL MOVE төслийн хүрээнд хоёр гарын авлагыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр орчуулж, цахим сургалтын нэгдсэн шийдэл бүхий сургалтын өрөөг тохижуулсан. Ингэснээр багш нар цахим хичээл бэлтгэх, сургалтын материалаа баяжуулах, дижитал контент боловсруулах боломж бүрдсэн талаар мэдээлэв.
DOMANI төслийн хүрээнд ногоон эдийн засагт шаардлагатай ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн богино хугацааны, зэрэг олгохгүй дөрвөн хөтөлбөр боловсруулж байна. Мөн уян хатан сургалтыг дэмжих Moodle платформыг сонгон, холбогдох дотоод журмын төслийг боловсруулж буйгаа танилцууллаа. Төслийн 2025 оны зуны сургалт, хакатонд Дарханаас 14 оролцогч хамрагдсан байна.
SA2CC төслийн хүрээнд практик сургалт, судалгааг дэмжих тоног төхөөрөмжийн худалдан авалтаас гадна Европын түнш их сургуулиас 2026–2027 оны хичээлийн жилд ашиглах агрономийн чиглэлийн дөрвөн хичээлийн хөтөлбөрийг хүлээн авсан. Эдгээрийг сургуулийн сургалтын онцлогт нийцүүлэн нутагшуулах, хөрс, таримал ургамал, уур амьсгалын хэмжилтийг практик сургалттай уялдуулах ажлын талаар танилцуулав.
Уулзалтаар төслүүдийн үр дүнг харилцан уялдуулах, сургалтын нөөцийг хамтран ашиглах, ногоон болон цахим шилжилтийн чиглэлээр их сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжийг хэлэлцлээ.







