ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи, бизнесийн сургууль                                                                         ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи, бизнесийн сургууль                                                                          Буцах

Оюутны ёс зүйн дүрэм

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Хөдөө Аж Ахуйн Сургуулийн /цаашид Хөдөө Аж Ахуйн Сургууль гэнэ/ оюутны "Ёс зүйн дүрэм" нь оюутан суралцах явцад үүсэх ёс суртахууны харилцааг зохицуулах, оюутны нэр төрөө өндөрт өргөж явах хариуцлагыг өндөржүүлэхэд чиглэнэ.

1.2. Боловсролын тухай багц хуулийн 6-р бүлэг 45-р зүйл, дээд боловсролын тухай хуулийн 7-р бүлэг 16-р зүйлд заасан суралцагчийн үүрэг, Хөдөө Аж Ахуйн Сургуулийн дүрэм, Оюутны холбооны дүрэм, бусад холбогдох дүрэм, журам болон энэхүү дүрэм журмын хэм хэмжээний хүрээнд ёс суртахууны зөрчил гаргалгүй өөрийгөө удирдан авч явна.

Хоёр. Оюутны даган мөрдөх ёс суртахууны хэм хэмжээ

2.1. Хөдөө Аж Ахуйн Сургуулийн оюутны суралцах үүргээ хэрэгжүүлэхэд тавигдах ёс суртахууны хэмжээ

2.1.1. Суралцах сургалтын төлбөр, бусад дүрэм журамд заасан кредит цаг ба үнэлгээний голч дүнгийн дунджийг ханган суралцах.

2.1.2. Суралцагч нь бүтээлчээр бие даан суралцах чадвар эзэмшихэд анхаарч, сурах мэдэхийн төлөө чөлөөтэй эрэл хайгуул хийдэг байх

2.1.3. Суралцагч нь нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн өндөр мэдлэгтэй, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай, удирдах шинэлэг арга барилтай мэргэжилтэн болохын тулд авьяас, мэдлэг чадвараа дайчлан суралцах

2.2. Хөдөө Аж Ахуйн Сургуулийн оюутан нь Монгол Улсын хууль тогтоомж, сургуулийн дотоод дүрэм, журмын дагуу биеэ авч явахад тавигдах ёс суртахууны хэм хэмжээ

2.2.1. Оюутан сургуулийн дүрэм, журам сургалтын гэрээгээр хүлээсэн үүрэг, ёс зүйн энэхүү дүрмийг ягштал баримтлан сургуулийн дотоод дэг журам, сахилгыг чанд мөрдөх

2.2.2. Сургуулиас зохиож буй соёл, олон нийтийн ажилд идэвх санаачлагатай оролцож, хөгжих, төлөвших, багаар ажиллах чадвартай болох боломжийг байнга эрэлхийлэх

2.2.3. Сургуулийн хичээлийн байр, номын сан, сургалтын лаборатори болон сургалтын бусад хэрэгслийг зохих журмын дагуу эдэлж хэрэглэх, ариг гамтай өөриймсөг хандан ашиглах

2.2.4. Сургалтын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх

2.3. Хөдөө Аж Ахуйн Сургуулийн оюутан нь бусадтай хамтран ажиллах явцад тавигдах ёс суртахууны хэм хэмжээ

2.3.1. Багш шавийн харилцааг хүндэтгэн дээдлэх

2.3.2. Багшаас тавьсан зүй ёсны шаардлага, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх

2.3.3. Хамт суралцагч бусад оюутанд хүндэтгэлтэй хандаж, ажил хэрэгч бодитой шүүмжлэл, санааг хүлээн авч аливаа маргаан зөрчлийг эв зүйгээр шийдэх

2.3.4. Бусдын нэр төрийг эрхэмлэн хүндэтгэж, бусад оюутны хууль ёсны эрх чөлөөг хүндэтгэх

2.3.5. Бусад оюутнуудтай өөрийн мэдлэг, туршлагыг хуваалцан мөн тэднээс суралцан үргэлж манлайлж явах

2.3.6. Суралцагч чөлөөт цагаа өнгөрөөх болон үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны байгууллагаар үйлчлүүлэхдээ ч оюунлаг оюутан хүний нэр хүндийг үргэлж санаж явах

Гурав. Оюутан сурах үүргээ хэрэгжүүлэх явцад гарч болзошгүй дараах зөрчлийг хориглоно

3.1. Суралцах үйл ажиллагааны хүрээнд:

3.1.1. Оюутан хичээлээс хоцрох, хүндэтгэх шалтгаангүй хичээл таслах

3.1.2. Оюутан сурч мэдэхийн төлөө бие даан эрэл хайгуул хийлгүй бэлэнчлэх, залхуурах

3.1.3. Багшийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, хэдэрлэх, зүй бус авирлах

3.1.4. Сурах үйл явцдаа хуулах, хууран мэхлэх зэрэг шударга бус аргуудыг хэрэглэх

3.1.5. Шалгалтаас хоцрох, дур мэдэн таслах, шалгалтын журмыг зөрчих

3.1.6. Бусдын зохиол бүтээл, судалгаа, нээлтийг санаатайгаар, хууль бусаар өөрийн болгон танилцуулах, ашиглах

3.1.7. Сургуулийн дотоод дэг журам, сахилгыг алдагдуулсан үйлдэл хийх

3.1.8. Сургуулиас зохион байгуулж буй үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах

3.1.9. Сургуулийн эд материал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг эвдэж сүйтгэх

3.1.10.Сургуулийн хичээлийн болон оюутны байранд согтууруулах ундаа худалдах, хэрэглэх, согтуу ирэх

3.1.11.Сургалтын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөхгүй чирэгдэл учруулах

3.2. Бусадтай хамтран ажиллах, сургалтын байгууллагын хүрээнд:

3.2.1. Суралцагч нь хувь хүний нууцыг хамгаалсан хууль тогтоомжийг зөрчих

3.2.2. Суралцагч нь бусдыг хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэгш бус хандах

3.2.3. Суралцагч нь багш болон хамт сурах оюутныхаа хувийн дутагдлыг ярих, нэр хүндийг нь гутаах, хов цуурхал дэгдээх, бусадтай нийлж гүтгэх

3.2.4. Бусдын санаа бодол, ухамсарт хүчээр нөлөөлөх, үзэл бодлоо тулгах, загнах, зандрах, айлган сүрдүүлэх зэргээр зүй бус авирлах

3.2.5. Хичээлийн байр, оюутны байранд шашны үйл ажиллагааг зохион байгуулах

3.2.5. Хичээлийн байр, оюутны байранд шашны үйл ажиллагааг зохион байгуулах

3.2.6. Суралцагч нийгмийн аль ч орчинд бусдын эрх чөлөө, биед халдах, мөнгө, эд зүйлсийг булаан дээрэмдэх асуудлыг хамгийн ноцтой зөрчилд тооцох ба энэ асуудлыг шинж байдлаас нь хамааруулж зохих байгууллага, хуулийн дагуу шийдвэрлэнэ.


Дөрөв. Ёс зүйн зөрчил гаргасан оюутанд хүлээлгэх хариуцлага

4.1. Ёс зүйн зөрчил гаргасан оюутанд зөрчлийн хэр хэмжээ, нөхцөл байдлыг харгалзан сургуулийн захиргаанаас доорх хариуцлагыг хүлээлгэнэ.

4.1.1. Амаар буюу бичгээр анхааруулах, сануулга өгч уучлал гуйлгах

4.1.2. Учруулсан хохирлыг төлүүлэх

4.1.3. Сургуулийн холбогдох дүрэм, журмын дагуу сануулах, сургуулиас хөөх хүртэлх арга хэмжээг авах

4.2. Сануулга өгч, уучлал хүсүүлэх хариуцлагыг оюутны ёс зүйн зөвлөлөөс ногдуулна.

4.3. Ёс зүйн зөрчлийг давтан гаргасан болон хүнд зөрчил гаргасан оюутныг суралцах хугацааг 1 жилээр хойшлуулах, сургуулиас хөөх арга хэмжээний саналыг Захирлын дэргэдэх зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлүүлэх. Ёс зүйн хүнд зөрчилд 3.1.3, 3.1.9, 3.1.10, 3.2.4, 3.2.6 хамаарна.

4.4. Сургуулиас болон оюутны байрнаас хасагдах шийтгэл хүлээсэн этгээдэд сургалтын, дотуур байрны төлбөрийг нь буцаан олгохгүй бөгөөд энэ дүрэмд ёс зүйн зөрчил гэж заасан үйлдлүүдийг мэдээгүй байсан нь хариуцлага хүлээлгэхгүй байх үндэслэл болохгүй.

Тав. Ёс зүйн зөвлөл

5.1. Хөдөө Аж Ахуйн Сургууль нь дэргэдээ оюутны ёс зүйн зөвлөлтэй байна. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг оюутны байгууллагын саналыг үндэслэн сургуулийн захирлын тушаалаар томилж ажиллуулна.

5.2. Оюутны ёс зүйн зөвлөлд Хөдөө Аж Ахуйн Сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал хяналт тавина.

5.3. Оюутны ёс зүйн зөвлөл нь дарга, гишүүдтэй байх ба Хөдөө Аж Ахуйн Сургуулийн оюутны зөвлөлийн тэргүүн, зөвлөлийн дэд дарга, оюутны асуудал эрхэлсэн арга зүйч, тэнхим нэгж төлөөлсөн тэргүүний оюутнаас бүрэлдсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй байна.

5.4. Оюутны ёс зүйн зөвлөл нь Хөдөө Аж Ахуйн Сургуулийн суралцагч оюутны ёс зүйн зөрчлийг магадлан судалж, дүгнэлт гарган суралцах хугацааг 1 жилээр хойшлуулах, сургуулиас хөөх тохиолдолд шийдвэр гаргах, сургуулиас хасах саналыг Захирлын дэргэдэх зөвлөлийн хуралд оруулан шийдвэрлүүлнэ.

5.5. Тус журмын 4.3-т заасан шийтгэл ноогдуулах асуудлыг Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн захирлын тушаалаар баталгаажуулна.

Зургаа. Бусад

6.1. Энэхүү журам нь 2012 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдөнө.

6.2. Журамд өөрчлөлт оруулах тухай асуудлыг ёс зүйн зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлэн Сургалт Арга зүйн Зөвлөлийн хуралдаанаар батална.

6.3. Оюутны ёс зүйн зөрчил гаргагч нь ёс зүйн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд гомдлоо сургуулийн захиргаанд хүсэлт тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01